Байгаль орчны удирдлагын тогтолцоо, менежментийн зөвлөх үйлчилгээ

“Ногоон гэрэлт ирээдүй” ХХК нь байгаль орчны аудит, байгаль орчны удирдлагыг тогтолцоо, үйлдвэрийн газрын байгаль орчны менежмент, цэвэр үйлдвэрлэлийн үнэлгээний чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Дээрх үйл ажиллагаа нь маш өргөн хүрээг хамарсан ойлголт бөгөөд тэдгээрийн уялдаа холбоог таниулах үүднээс дор дэлгэрэнгүй авч үзье.

           

НЭГ. БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ЗОРИЛГО:

Байгаль орчны удирдлагын тогтолцоо нь байгууллагын удирдлагын тогтолцооны салшгүй хэсэг, байгууллагын удирдлагаас байгаль орчны асуудалд системтэй хандах арга барил юм. Байгаль орчны удирдлагын тогтолцоо нь тухайн байгууллагын төрөл, хэмжээнээс үл хамааран түүний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээнээс байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөлд хяналт тавих хэрэгсэл болдог.

Байгаль орчны удирдлагын тогтолцоо нь тухайн байгууллагын хувьд байгаль орчинд ихээхэн нөлөөлж байгаа үйл ажиллагаануудыг илрүүлэх, тэдгээр нөлөөллийг бууруулах зорилго, зорилт тавих, зорилгодоо хүрэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, байгаль орчны холбогдолтой хууль, тогтоомж, дүрэм журам, стандартыг дагаж мөрдөх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд тусалдаг.

Дэлхийн улс орнуудад байгууллага бүр өнөөгийн нөхцөлд байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, үйлдвэрийн газрын байгаль орчны менежментийг сайжруулах, цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник технологийг ашиглах, үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад гол анхааралаа хандуулан ажиллаж байна. 

БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ:

Байгаль орчны удирдлагын тогтолцоо нь байгууллагын бизнес төлөвлөгөөний салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тухайн байгууллагын үйл ажиллагааны нөхцөл байдал, байгаль орчинд үлдээж байгаа “Ул мөр”-ийг тасралтгүй сайжруулахад чиглэсэн хэд хэдэн үе шатаас  тогтоно. Үүнд:

  1. Төлөвлө – Бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх
  2. Хэрэгжүүл  – Төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хэрэгжүүлэх
  3. Шалга – Үйл ажиллагааны үр дүнг шалгах, үнэлэх
  4. Шинэчил – Цаашид сайжруулах бодлого, үйл ажиллагааг төлөвлөх зэрэг болно.

 

Энэ нь үйлдвэрийн газрын тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн экологийн баримжаатай менежментийн үндэс юм. Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрийн үйл ажиллагааны менежментэд дор дурьдсан зарчмуудыг баримталж байна. Үүнд:

  1. Тэргүүлэх зарчим. Байгаль орчныг хамгаалах асуудлыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, хөгжлийн чухал хүчин зүйл гэж үзэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгах бодлого, хөтөлбөрийг үйл ажиллагааныхаа гол зорилго болгон хэрэгжүүлэх.
  2. Нэгдмэл удирдлага. Үйлдвэр бүрт тэргүүлэх зарчмыг хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийг удирдлагын бүх түвшинд чухалчлан мөрдөх.
  3. Сайжруулах явц. Экологийн баримжаа бүхий бодлого, хөтөлбөр, арга ажилгаагааг тасралтгүй сайжруулахдаа шинжлэх ухаан – технологийн дэвшил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, олон нийтийн санал хүсэлт, хуулийн шаардлага биелүүлэх, дэлхий нийтээр мөрдөж буй зарчмыг баримтлах.
  4. Ажиллагсдын экологийн боловсролыг дээшлүүлэх. Ажиллагсад өөрсдийн ажил үүргийг экологийн шаардлагын дагуу гүйцэтгэдэг мэдлэг чадвартай байх шаардлагыг хэрэгжүүлэх, системийг хэвшүүлэх.
  5. Урьдчилан үнэлгээ өгөх. Шинэ төсөл эхлэх, үйлдвэр байгуулах буюу хаах, нүүлгэн шилжихийн өмнө уг алхам нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар үнэлгээ өгч байх.
  6. Бүтээгдэхүүн ба үйлчилгээ. Бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлэхдээ тэдгээр нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хэрэглэхэд аюулгүй, эрчим хүч, байгалийн нөөцөд хэмнэлттэй, хаягдал нь аюулгүй байх.
  7. Хэрэглэгчдэд өгөх зөвлөгөө. Нийлүүлж буй бүтээгдэхүүнээ аюулгүй     хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, зайлуулах аргын талаар хэрэглэгчид, олон нийтэд зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд сургалт явуулах.
  8. Хүчин чадал ба үйлдвэрлэл. Үйлдвэрийн газруудын зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, ажиллуулахдаа эрчим хүч, материалыг хэмнэлтгэй хэрэглэх, байгалийн сэргээгдэх нөөцийг ашиглах, хүрээлэн  буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг багасгах арга замуудыг тусгаж хэрэгжүүлэх.
  9. Эрдэм шинжилгээ. Бэлэн бүгээгдэхүүн, түүхий эд, үйлдвэрийн үйл ажиллагаа, бохирдуулагч хаягдал, тэдгээрийн хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэрэгслийг бүтээх зэрэг чиглэлээр хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж хэрэгжүүлэх.
  10. Урьдчилан сэргийлэх арга. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны арга    технологи, бүтээгдэхүүний борлуулалт, хэрэглээ, үйлчилгээнд шинжлэх ухааны мэдлэгийн түвшингийн дагуу шаардлагатай өөрчлөлтийг хугацаа алдалгүй хийж хүрээлэн байгаа орчныг эрсдэл, эвдрэлээс хамгаалах.
  11. Туслан гүйцэтгэгчид ба нийлүүлэгчид. Үйдвэрлэгчийн мөрдөж ажиллах зарчмуудыг баримтлахыг туслан гүйцэтгэгчид болон нийлүүлэгчдээ хүсэх, шаардах зэргээр адил зарчмаар хамтран ажиллах.
  12. Онцгой тохиолдолд бэлэн байх. Нутгийн иргэдэд учирч болзошгүй онц ноцтой байгалийн болон үйлдвэрийн аюул гамшгийг хохирол багатай даван туулах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх бэлэн байдлыг хангасан байх.
  13. Технологи шилжүүлэх. Үйлдвэрлэлийн болон эдийн засгийн салбарт экологийн цэвэр технологи, удирдлагын арга нэвтрүүлэх боломж олгох.
  14. Олон нийтийн оролцоонд түшиглэх. Олон нийтийн байгаль орчныг хамгаалах мэдлэг чадамжийг дээшлүүлхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, ажиллагсадаа болон нутгийн иргэд, олон нийттэй санал солилцох, шүүн хэлэлцэх, ил тод байдлыг эрхэмлэх.
  15. Хяналт ба тайлан. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, тогтоосон норм, хууль тогтоомжийн заалт, хяналтын байгууллагын шаардлага хэрхэн биелүүлж байгааг тогтмол шалгаж, үнэлгээ өгөх, энэ талаар удирдлагын зөвлөл, хувьцаа эзэмшигчид, ажиллагсад, олон нийтэд тогтоосон хугацаанд мэдээлж байх зэрэг болно. 

БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ҮР АШИГ:

Аливаа байгууллага тогтвортой байгаль орчны удирдлагын тогтолцоог бий болгосноор үр ашиг дээшлэх, эрсдэл буурах, хуулийн хэрэгжилт сайжрах,  олон  нийтэд нэр хүнд өсөх, үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэж, өртөг буурах гэх мэт олон боломжууд нээгддэг.

Байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхдээ байгууллагууд эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн 3 асуудлуудыг хамтад нь авч үзэх болсон. Энэхүү “гурвалсан” чиглэлээр үйл ажиллагаа явуулснаар санхүү, даатгал, зах зээл болон бусад салбарт эергээр нөлөөлж байна.

Байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр тухайн байгууллагын харилцагчдад (үйлчлүүлэгчид, ажилчид, хувьцаа эзэмшигчид, ханган нийлүүлэгчид, зохицуулагчид, даатгалын байгууллага, санхүүгийн болон орон нутгийн байгууллага) итгэл төрүүлэх буюу байгууллага бохирдлыг бий болгохын оронд урьдчилан сэргийлэхэд анхаарч байгаа, хууль дүрмийг дагаж мөрдөж байгаагийн баталгаа болж өгдөг.

Байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр дараах боломжит үр ашиг гардаг. Үүнд:

  1. Зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх
  2. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, менежмент явуулж байгааг баталгаажуулах
  3. Үйл ажиллагааны бүх хэсэгт тасралтгүй сайжруулалт явагдах
  4. Байгаль орчны гүйцэтгэл сайжрах
  5. Зах зээлийн хэмжээ болон нэр хүнд өсөх
  6. Бохирдлоос сэргийлж байгалийн нөөцийг хамгаалах
  7. Үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдэх
  8. Харилцагчдийн итгэл үнэмшил нэмэгдэх
  9. Зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх
  10. Зардлын хяналт сайжрах
  11. Ажилчдын ажиллах нөхцөл сайжрах
  12. Үйлдвэрлэл ба төрийн байгууллагын харилцаа сайжрах зэрэг болно.

ХОЁР. ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТ

 

ЗОРИЛГО, ЗОРИЛТ:

Үйлдвэрийн газрын байгаль орчны менежмент гэдэг нь үйлдвэр, аж ахуйн газрын үйлдвэрлэлийн үр ашиг, хөрөнгө оруулах чадамжийг дээшлүүлэх, байгаль орчны чанарыг сайжруулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хүрээлэх орчны техногенийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн зохион байгуулалт, эрх зүйн цогц үйл ажиллагаа юм.

 

ҮНДСЭН ЗАРЧИМ:

Үйлдвэрийн газрын байгаль орчны менежмент нь тухайн үйлдвэрийн газрын менежментийн ерөнхий системийн нэг хэсэг нь болдог бөгөөд байгаль орчны менежментийн системийг бий болгох үндсэн зарчмууд юм. Үүнд:

  1. Удирдлагын системд нэн тэргүүний ач холбогдол өгөх, үйлдвэрийн газарт байгаль орчны алба, хэлтэс байгуулах
  2. Үйлдвэрийн газарт байгаль орчны үр ашигтай бодлогыг хэрэгжүүлэх
  3. Үйлдвэрийн удирдлага ба ажилтнуудын үйл ажиллагаа нь харилцан уялдаж зохицсон байх
  4. Үйлдвэрийн газарт байгаль орчны чиглэлээр тавигдах эрх зүйн ба стандарт шаардлагыг тодруулж, тэдгээр нь техногенийн ба байгаль орчны аюулгүй байдлыг хангах үзүүлэлтүүдэд тохирч байгаа эсэхийг тодруулах
  5. Үйлдвэрийн үйл ажиллагаа нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгаад үнэлгээ өгөх
  6. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бүх мөчлөгт, ялангуяа бүтээгдэхүүн гаргах буюу үйлчилгээ үзүүлэх шатанд ямар шаардлага тавьдагийг тооцож үзэх
  7. Үйлдвэрийн газрын үйл ажиллагаа нь хүрээлэх орчны чанарын шаардлагыг хангахад хүрэлцэхүйц материал, санхүү, ажиллах хүчний нөөцтэй болох
  8. Үйлдвэрийн газрын байгаль орчны менежмент нь байгаль орчны бодлого, цаашдын зорилт болон тавьсан зорилгод тохирч байгаа эсэхийг тогтоох
  9. Байгаль орчны удирдлага, менежментийн чанарт үнэлгээ өгч, түүнийг сайжруулах боломжийг эрж хайх зэрэг болно.

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ:

Байгаль орчны менежментийн системийг нэвтрүүлэхийн тулд дараахи үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

  1. Байгаль орчны бодлогыг тодорхойлж, байгаль орчны менежментийн системд тавигдах шаардлагуудыг гаргаж ирэх
  2. Үйлдвэрийн газрын байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах
  3. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлийг хангах, хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зэрэг болно.

 

Байгаль орчны менежментийн системийн чухал элементүүдийн нэг нь байгаль орчны чанарын удирдлагын системд хийх дүн шинжилгээ байдаг бөгөөд энэ нь дараахи зүйлсээр тодорхойлогддог. Үүнд:  

  1. Хууль, эрх зүйн норматив актуудын шаардлагын дагуу хүрээлэх орчны  чанарын удирдлагын системд хийх дүн шинжилгээ;
  2. Үйлдвэрийн үйл ажиллагааны байгаль орчны асуудал, стандарт, дүрэм, нормын шаардлагад тохирч байгаа эсэхэд үнэлгээ өгөх;
  3. Байгаль орчны менежментийн практик туршлага, байгаль орчны бодлого ба үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үр дүнгийн харьцуулалт;
  4. Байгаль орчны менежментийн системийг хэрэгжүүлснээр бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж;
  5. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны удирдлага нь үр ашигтай байгаа эсэх талаар сонирхсон талуудад өгөх үнэлгээ зэргээр тодорхойлогддог.

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйлдвэрийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхдээ дараах асуудлуудыг авч үзэх шаардлагатай. Үүнд:

  1. Үйлдвэрийн газарт байгаль орчны бодлогыг тодорхойлсон буюу зөвшөөрөгдсөн ямар нэгэн баримт байгаа эсэх
  2. Бодлогын энэхүү баримт бичиг нь үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэлийг тусгаж чадаж байна уу?
  3. Байгаль орчны бодлогыг үйлдвэрийн удирдлага дэмжсэн эсэх, ажилтнуудын гаргасан саналын дагуу түүнд засвар оруулах боломж байдаг эсэх
  4. Байгаль орчны бодлого нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээ, удирдлага, зохион байгуулалтын үүргийг хэрэгжүүлэх явцад хөшүүрэг, түлхэц болж чадаж байгаа эсэх
  5. Байгаль орчны бодлогод үйлдвэрийн газар орчмын байгаль орчны чанарыг тасралтгүй сайжруулах асуудал тусгагдсан уу?

 

Байгаль орчны менежментийн шийдэх дараагийн асуудал нь тухайн үйлдвэрийн төлөвлөж байгаа болон одоо хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх талаар үнэлгээ өгөх явдал бөгөөд энэ үнэлгээ нь дараах зүйлсийг өөртөө агуулсан байдаг. Үүнд:

  1. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хэмжээ, эрчимжилт, магадлал, үргэлжлэх хугацаа нь ямар байх вэ?
  2. Байгаль орчны менежментийн системээс хамааран үйлдвэр нь хөрөнгө оруулалтыг өөртөө татах чадамжид ямар нөлөө үзүүлэх вэ? зэрэг болно. 

ГУРАВ. ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

ЗОРИЛГО, ЗОРИЛТ:

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт “Цэвэр үйлдвэрлэлийг үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, хүн ба байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор тэдгээр үйл ажиллагаанд хэрэгжүүлэх байгаль орчны нэгдмэл, урьдчилан сэргийлэх хэтийн бодлого” гэж тодорхойлсон байдаг.

Цэвэр үйлдвэрлэл гэдэг нь байгалийн нөөц баялгийг хамгийн зохистой, үр ашигтай ашиглах, алдагдлыг багасгах, байгаль орчны бохирдлоос сэргийлэх, бохирдлыг бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн хүрээнд эх үүсвэр дээр нь багасгах замаар үйлдвэрлэлийн эдийн засаг, байгаль орчны үр ашгийг дээшлүүлэх менежментийн арга хэрэгсэл юм.

Цэвэр үйлдвэрлэл нь маш өргөн хүрээтэй ойлголт бөгөөд хаягдлыг багасгах, хаягдал гаргахаас зайлсхийх, бохирдлоос урьдчилан сэргийлэх болон бусад ижил төстэй ойлголтуудыг багтаадаг. Тухайлбал аюултай, хортой материалтай харьцах, хадгалах, ахуйн хэрэгцээнд ашиглах нарийн заавар өгөхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, бүтээгдэхүүний шинэчлэлт, хаягдал бүтээгдэхүүнийг дахин ашиглах зэрэг асуудлыг хамааруулан авч үздэг. Өөрөөр хэлбэл бохирдол болон хаягдал материал түүний эх үүсвэрээс урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн болон үйлчилгээний тасралтгүй үйл явц юм.

Цэвэр үйлдвэрлэл нь хаягдал материалыг ялган ангилж цуглуулах, тэднийг хортой бодисоос нь салгах, уусгах, саармагжуулах замаар өмнөх дутуу буюу бараг цэвэршүүлэлтгүйгээр газарт булах зэрэг хамгийн энгийн аргаар хаягдлуудыг зайлуулах  уламжлалт аргуудыг халах чухал шийдэл болдог.

Цэвэр үйлдвэрлэлийг бий болгох нь зөвхөн шинэ, дэвшилтэт технологийг эрж хайх асуудал биш юм. Аюултай, хортой материалтай харьцах, хадгалах, ахуйн хэрэгцээнд ашиглах нарийн заавар, зохион байгуулалт, үйл ажиллагааны болон бүтээгдэхүүний шинэчлэлт, хаягдал бүтээгдэхүүнийг дахин ашиглах зэрэг олон зүйлийг иж бүрэн шийдвэрлэх боломжийг бий болгодог.

Цэвэр үйлдвэрлэлийг үндсэн 2 чиглэлд авч үздэг. Үүнд:

  1. Эдийн засгийн чиглэл. Цэвэр үйлдвэрлэлийг зөвхөн байгаль орчинд ач холбогдолтой стратеги гэж үзэж болохгүй юм. Учир нь энд эдийн засгийн хүчин зүйлүүд ч хамаардаг. Үйлдвэрлэлийн зардалдаа системтэй дүн шинжилгээ хийснээр тодорхой хэмжээний хөрөнгө зардлаа хэмнэх нөхцөл бүрддэг. Өөрөөр хэлбэл түүхий эд ба эрчим хүчний зардал, хатуу хог хаягдлын менежментийн болон бохир усыг шүүж цэвэршүүлэхэд зарцуулах зардал зэрэгт үнэлгээ, дүн шинжилгээ хийснээр цэвэр үйлдвэрлэлийн зарчмыг хэрэгжүүлэн, хөрөнгө хэмнэж болох арга замуудыг тодорхойлж болдог.
  2. Байгаль орчны чиглэл. Цэвэр үйлдвэрлэлийн зарчмууд нь хаягдал нэгэнт гарсны дараагаар авдаг физик - хими, дулаан ба биологийн арга хэмжээнүүдээс ялгаатай юм. Учир нь бохирдлоос урьдчилан сэргийлэх зарчмуудыг хэрэгжүүлснээр байгаль орчныг бохирдуулагч хаягдал үүсч бий болохоос урьдчилан сэргийлэх боломжтой болдог. Хатуу ба шингэн хаягдлыг үүсч бий болох шатанд нь багасгах нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, экологийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Үйлдвэрлэлийн хаягдлаар байгаль орчныг нэгэнт бохирдуулсны дараа арга хэмжээ авах нь тухайн асуудлыг зөвхөн өрөөсгөл байдлаар шийдвэрлэж буй явдал төдий юм.

ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ:

Цэвэр үйлдвэрлэлийн гол зарчим нь үйлдвэрлэлээс гарч байгаа бохирдол, хаягдлын шалтгаан, эх үүсвэрийг илрүүлж улмаар үйлдвэрлэлийн процесст орж байгаа болон гарч байгаа материал эрчим хүчний урсац дээр дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжуудыг илрүүлэн хэрэгжүүлэхэд оршино.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс баталсан аргачлалын дагуу цэвэр үйлдвэрлэлийн үнэлгээ нь 5 үе шатаар дамжин хэрэгжих ба үе шат бүр хэд хэдэн алхмаас бүрдэнэ. Үүнд:

  1. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх шинэ арга барил, менежмент
  2. Байгаль орчны үр ашиг + үйлдвэрлэлийн үр ашиг
  3. Цэвэр үйлдвэрлэлийн үнэлгээ хийх
  4. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг хамруулах
  5. Байгаль орчны менежмент, хангамж - нийлүүлэлтийн гинжин менежмент, Үйлдвэрлэлийн тогтвортой нөөц баялгийн менежмент, эрчим хүчний менежмент, хог хаягдлын менежментийн асуудлыг авч үзнэ.

ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ:

Үйлдвэрлэлээс гарч байгаа бохирдол, хаягдлын тоон хэмжээ, шалтгаан, эх үүсвэрийг тогтоож, улмаар бохирдол, хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, мөн материал баялаг, түүхий эдийн хэрэглээг багасгах, эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн үр ашгийг сайнжруулах боломжуудыг илрүүлэн хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.

Үнэлгээг тодорхой аргачлалаар, тодорхой чадавхийг бүрдүүлсэний үндсэн дээр хийх ба тухайн үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцооны салшгүй хэсэг болох ёстой. Цэвэр үйлдвэрлэлийн үнэлгээ нь үндсэндээ дараах 3 асуултад хариу өгнө. Үүнд:

  1. Хог хаягдал, алдагдлууд хаана бий болж байна вэ? /эх үүсвэрийг тогтоох/
  2. Тэдгээр нь яагаад бий болж байна вэ ? /учир шалтгааны үнэлгээ/
  3. Тэдгээрийг яаж арилгах вэ? /арга замыг тодорхойлох/

 

Цэвэр үйлдвэрлэлийн үнэлгээг тодорхой аргачлалын дагуу, үйлдвэрийг бүхэлд нь эсвэл нэгж, хэсэг бүрийг нь хамруулан удаан хугацаанд, төлөвлөгөөтэйгээр, системтэй хэрэгжүүлэх бөгөөд дараахи үе шатаар гүйцэтгэнэ. Үүнд:  

I үе шат: Төлөвлөлт зохион байгуулалт.

1-р алхам. Удирдлагын оролцоо ба амлалтыг авна.

2-р алхам. Төслийн багийг бүрдүүлнэ.

3-р алхам. Зорилтуудаа тодорхойлно.

4-р алхам. Саад бэрхшээлүүд ба түүнийг шийдвэрлэх арга замууд

II үе шат: Урьдчилсан үнэлгээ

5-р алхам. Технологийн дамжлагын схем гаргах

6-р алхам. Технологийн дамжлагын явцад оролт гаралтанд үнэлгээ хийх

7-р алхам. Цэвэр үйлдвэрлэлийн үнэлгээний чиглэлийг тогтоох

III үе шат: Үнэлгээ

8-р алхам. Материалын бланс хийх

9-р алхам. Шалтгааны үнэлгээ хийх

10-р алхам. Хувилбарууд гаргах

11-р алхам. Хувилбаруудад сонголт хийх.

IV үе шат: Техник эдийн засгийн судалгаа

12-р алхам. Урьдчилсан тооцоо, үнэлгээ

13-р алхам. Техникийн үнэлгээ

14-р алхам. Эдийн засгийн үнэлгээ

15-р алхам. Байгаль орчны үнэлгээ

16-р алхам. Хувилбараа сонгож авах.

V үе шат: Цэвэр үйлдвэрлэлийн хувилбарыг хэрэгжүүлэх

17-р алхам. Цэвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөө бэлтгэх

18-р алхам. Цэвэр үйлдвэрлэлийн хувилбаруудыг хэрэгжүүлэх

19-р алхам. Мониторинг ба үнэлгээ

20-р алхам. Цэвэр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах.

НИЙТЭЛСЭН: 2018-02-25 23:01:45