Байгаль орчны аудит

ЗОРИЛГО, ЗОРИЛТ:

Байгаль орчны аудит нь байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны хууль тогтоомж, төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, стандартын хэрэгжилтийг хянаж, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, хараат бус, хөндлөнгийн, системчилсэн, нотолгоонд түшиглэж, баримтанд тулгуурласан, албажуулсан, тогтмол хийгддэг, тодорхой зорилго бүхий үйл ажиллагаа юм.

Байгаль орчны аудит нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй алдаа, дутагдалд торгууль шийтгэл, хуулийн арга хэмжээ авахыг урьтал болгодоггүй бөгөөд гаргасан алдаа, дутагдалаа холбогдох төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомж, стандартын шаардлагын дагуу арилгах боломжийг тодорхой хугацааны дотор шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөмжийн хамт тухайн аж ахуйн нэгж, байгууллагад боловсруулж өгдөгөөрөө Мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн аудитын байгууллагаас хийдэг хяналт шалгалт, санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаас ялгаатай юм.

Байгаль орчны аудит нь тухайн байгууллагын байгаль орчинд учруулж болох аливаа сөрөг нөлөөлөл, хохирол, үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын экологи, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, улмаар байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аргаар үйлдвэрлэл явуулахад туслах, тэднийг учирч болох алдагдал, эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Нөгөө талаар үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчны гүйцэтгэлд Мэргэжлийн хяналтын байгууллагын хийх хяналт шалгалтын ажлыг хөнгөвчлөх, шуурхай болгоход туслах зорилго агуулдаг.

БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ТӨРЛҮҮД:

Байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны аудитыг 2 жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн  Байгаль орчны алба нь тухайн жилд байгаль орчны аудит хийлгэсэн аж ахуйн нэгжийн талаарх тайлан болон дараа жил хуваарьт аудит хийлгэх аж ахуйн нэгжийн жагсаалтыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор БОАЖЯ-нд ирүүлдэг.

Байгаль орчны аудитыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэж хоёр ангиладаг. Байгаль орчны төлөвлөгөөт аудитыг 2 жил дутамд заавал хийлгэдэг бол төлөвлөгөөт бус аудитыг Засаг дарга, эсхүл Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аудит хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хийдэг.  

Байгаль орчны аудитыг дараах хэд хэдэн төрлүүдэд хувааж үздэг. Үүнд:

  1. Байгаль орчны нийцлийн аудит (байгаль орчны хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм, норматив)
  2. Байгаль орчны гүйцэтгэлийн аудит (байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө)
  3. Байгаль орчны удирдлагын тогтолцооны аудит (үйлдвэрийн газрын байгаль орчны менежмент)
  4. Чанарын удирдлагын тогтолцооны аудит (бүтээгдэхүүний чанар, стандарт)
  5. Байгаль орчны дотоод аудит (аж ахуй, нэгж байгууллагын өөрийн дотоод хяналт) зэрэг болно.

АУДИТЫН АЧ ХОЛБОГДОЛ:

Байгаль орчны аудитыг байгаль орчны удирдлагын тогтолцоо, хууль, эрх зүйн механизмыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болгон ашигладаг нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, нийгэм – экологи – эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэх, улс үндэстний экологийн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн явцад байгалийн баялгийг зохистой ашиглах, хамгаалах, байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр үүсэх онцгой нөхцөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.    

Байгаль орчны аудитаар төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүнд тавигдах шаардлагыг тухайн байгууллага нь байгаль орчны удирдлагын тогтолцоо, бодлого, практик үйл ажиллагаандаа нэвтрүүлж шинэ санаачлага гаргах, системтэйгээр нэвтрүүлэх эхлэлийг тавихад чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл байгаль орчны аудит нь өнөөгийн нөхцөл байдлын хувьд сонголтоор хийгддэг зүйл биш, харин ч болзошгүй нөлөөлөл, эрсдэл, үр дагавраас сэргийлэхэд чиглэсэн, дэс дараатай, системтэйгээр хэрэгжүүлэх цогц үйл ажиллагаа юм.

АУДИТЫН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ:

Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хийж буй байгаль орчны аудитын үйл ажиллагаа нь нотолгоонд түшиглэн, баримтанд тулгуурлаж дараах аудитын шалгуурын дагуу хийгддэг бөгөөд үр дүнг үндэслэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг боловсруулдаг. Үүнд:

  1. Төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлтэд нийцэж буй эсэх;
  2. Байгаль орчны багц хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж буй эсэх;
  3. Байгаль орчны стандарт, норм, норматив, хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж буй эсэх;
  4. Төслийн техник эдийн засгийн үндэслэлд төлөвлөсний дагуу үйл ажиллагаа явагдаж буй эсэх;
  5. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлж буй эсэх;
  6. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэл, биелэлт, тайлагналтыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж буй эсэх;
  7. Байгаль орчны зөвшөөрлийн тогтолцооны хэрэгжилт, үйл ажиллагаа явуулах эрхийн актууд, зөвшөөрөл, гэрээг холбогдох байгууллагаар гаргуулан хэрэгжүүлж буй эсэх;
  8. Үйлдвэрийн газрын байгаль орчны менежментийг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх боломжуудыг ашиглаж буй эсэх;
  9. Байгаль орчны менежментийн тогтолцоог бий болгох үндэс суурийг бий болгож чадаж буй эсэх;
  10. Үйл ажиллагаа явуулахдаа олон нийтийн оролцоог хангаж, тэдний санаа бодлыг тусгаж буй эсэх зэрэг болно.

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ:

Аж ахуйн нэгж, байгууллага нь Байгаль орчны аудитыг хуулийн дагуу эрх бүхий Мэргэжлийн байгууллагаар хийлгэн дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Байгаль орчны аудитыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101 зүйлд заасны дагуу “Байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хоёр жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ”;
  2. “Журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 4.15-д “Байгалийн нөөц ашиглан үйл ажиллагаа явуулж буй төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэхдээ тухайн төсөлд хийлгэсэн байгаль орчны төлөвлөгөөт аудитын зөвлөмж, тайланг ирүүлнэ”;
  3. “Журам батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-5 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 4.6-д “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд 2 жил тутамд хийлгэсэн байгаль орчны аудитын тайланг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хамт ерөнхий үнэлгээ хийлгэсэн байгууллагад ирүүлнэ”;
  4. “Журам батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-4 дүгээр тушаалаар батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-ын хавсралтаар баталсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан олгох хяналтын хуудас” хэсгийн төсөл хэрэгжүүлэгчээс хүлээн авах материалын жагсаалтын 3-т “Байгаль орчны хуваарьт аудитын тайлан” гэж тус тус хуульчилсан болно.  

 

Байгаль орчны аудитыг БОАЖЯ-аас эрх авсан тусгай зөвшөөрөл бүхий Мэргэжлийн байгууллага байгаль орчны хууль тогтоомж, төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, стандартын хэрэгжилтийг хянаж, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх бөгөөд дараахи үе шаттайгаар гүйцэтгэнэ. Үүнд:

  1. Байгаль орчны аудитыг байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага бүр 2 жил тутам хийлгэнэ.
  2. Байгаль орчны аудитын мэргэжлийн байгууллага нь аудит хийлгэж буй  аж ахуйн нэгжтэй Иргэний хуулийн 189.5-ыг үндэслэн экологийн хариуцлагын гэрээ байгуулах бөгөөд гэрээнд байгаль орчны аудиттай холбогдон үүсэх 2 талын эрх, үүргийг тодорхойлно.
  3. Байгаль орчны аудит хийлгэгч аж ахуйн нэгж, байгууллага нь экологийн хариуцлагын гэрээг байгаль орчны аудитын зөвлөмж, дүгнэлтийн хамт аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд хүргүүлнэ.
  4. Аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны аудитаар холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тухайн жилийн байгаль орчны аудитын гүйцэтгэл, биелэлтийн тайлангаа аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд хүргүүлнэ.
  5. Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь тухайн жилд байгаль орчны аудит хийлгэсэн аж ахуйн нэгжийн талаарх тайлан болон дараа жил  хуваарьт аудит хийлгэх аж ахуйн нэгжийн жагсаалтыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор БОАЖЯ-нд ирүүлнэ.

 

Байгаль орчны аудит хийлгэсэн аж ахуйн нэгжийн тайлан, дараа жил төлөвлөгөөт аудит хийлгэх аж ахуйн нэгжийн жагсаалтыг мэдээллийн санд тухай бүр оруулах ажлыг БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс зохион байгуулна. 

НИЙТЭЛСЭН: 2018-02-25 22:43:47