Байгаль орчны нийцлийн аудит
ЗОРИЛГО, ЗОРИЛТ
 
Байгаль орчны нийцлийн аудитын зорилго нь бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө, байгаль орчны багц хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, биелэлт, үйл ажиллагаа явуулах эрхийн актууд, зөвшөөрөл, гэрээ, дүгнэлт, албан шаардлага, байгаль орчны үндэсний болон олон улсын стандартын тохирол, мөрдөлт, байгаль орчны зөвшөөрлийн тогтолцооны хэрэгжилт зохих шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлохын зэрэгцээ аливаа зөрчил, доголдлыг эрт илрүүлж, засаж залруулах боломжийг олгоход оршдог. 
Ингэснээр байгаль орчны аудитаар илэрсэн байгаль орчин, хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй алдаа дутагдалд торгууль шийтгэл, хуулийн арга хэмжээ авахыг урьтал болгодоггүй бөгөөд гаргасан алдаа, дутагдалаа холбогдох төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомж, стандартын шаардлагын дагуу арилгах боломжийг тодорхой хугацааны дотор шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөмжийн хамт тухайн аж ахуйн нэгж, байгууллагад боловсруулж өгдөгөөрөө Мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн аудитын байгууллагаас хийдэг хяналт шалгалт, санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаас ялгаатай юм. 
 
АУДИТЫН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ
 
Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хийж буй байгаль орчны нийцлийн аудитын үйл ажиллагаа нь нотолгоонд түшиглэн, баримтанд тулгуурлаж дараахи аудитын шалгуурын дагуу хийгддэг бөгөөд үр дүнг үндэслэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг боловсруулдаг. Үүнд:  
  1. Хууль эрхзүйн шаардлагын дагуу байгаль орчин, хүний эрүүл мэнд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, мөрдүүлэх ажлыг үндэслэлтэй, тогтмол, жигд хэрэгжүүлж чадаж буй эсэх;
  2. Үйл ажиллагаа явуулахдаа хууль эрх зүйн актууд, дүрэм журам, стандарт, захирамж, зөвшөөрөл, лиценз, гэрээ хэлэлцээр нь байгууллагын дотоод удирдамж, заавар, шалгуур үзүүлэлт, бодлого, төлөвлөгөөний дагуу мөрдөн ажиллах нөхцлийг бүрдүүлж чадсан эсэх; 
  3. Тухайн байгууллага нь стандартын тохирол, мөрдөлтийг баримталсан, үүрэг хариуцлагыг тодорхой тусгасан, ажлын графикт хугацааг нарийн төлөвлөсөн, тодорхой зарчим баримталсан зэрэг үйл ажиллагааны менежменттэй ажиллаж буй эсэх;
  4. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хэн ямар эрх эдлэх, ямар арга хэмжээ авах, ямар арга аргачлал хэрэглэх, ямар хариуцлага, шийтгэл ногдуулахыг зөвшөөрөл, лиценз, гэрээний нөхцөлд тодорхой тусгаж өгсөн эсэх;
  5. Хууль тогтоомжийн хэрэгжилтэнд ажиллагсад, олон нийтийг татан оролцуулах, тэдний тусламж дэмжлэгийг авах зорилгоор тэдэнд зориулсан сургалт, танин мэдэхүйн хөтөлбөр хэрэгжүүлж буй эсэх;
  6. Байгаль орчны холбогдолтой мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, үйл ажиллагааны төлөвлөгөө, биелэлтийн жил бүрийн тайлан, хууль зөрчсөн, үл биелүүлсэн нөхцөлд авсан арга хэмжээ, оногдуулсан шийтгэлийн талаар холбогдох байгууллага, олон нийтэд танилцуулах ажлыг тогтмол зохион байгуулдаг эсэх; 
  7. Байгаль орчны өнөөгийн төлөв байдлыг өнгөрсөн үе, ирээдүйн төлөв байдалтай холбох байдлаар орчны чанарын өөрчлөлт, чиг хандлагыг тооцоолон орчны хяналт шинжилгээг гүйцэтгэж буй эсэх зэрэг болно.

НИЙТЭЛСЭН: 2018-02-25 22:45:23